Friday, June 1, 2012

БЛОГОО НҮҮЛГЭЛЭЭ

Сагсан бөмбөгийн хорхойтнуудад зориулсан зургийн блог, багтаамж нь хэтэрсэн тул цаашид шинэ пост оруулах боломжгүй болжээ. Багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд мөнгө төлөх шаардлагатай бөгөөд ийм боломжгүй учраас энэхүү блогоо   http://mbmbasketclub.wordpress.com/ хаяг руу нүүлгэлээ. Та бүхэн сонирхвол дээрх линкээр дарж орно уу.

Thursday, May 24, 2012

ПЕПСИ ЛИГ. БАЯНЗҮРХ БУЛЛС БАГ АВАРГА БОЛЛОО

Баянзүрх Буллс болон Хасын Хүлэгүүд багууд Пепси дээд лигийн аваргын төлөө өрсөлдөж, цуврал 6 тоглолтын дараагаар Баянзүрх Буллс баг өрслдөгчөө 4:2-ын харьцаатай буулгаж авч, лигийн анхныхаа түрүүг авлаа. Зургаа дахь тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй болсон бөгөөд дөрөвдүгээр үеийн цаг дуусахад багуудын онооны харьцаа 70:70 болж тэнцсэнээр дахин 5 минут цаг сунгахад хүрсэн юм. Нэмэлт тавдугаар үе дуусахад онооны харьцаа 80:80 болж дахин тэнцсэн бөгөөд дахин таван минут сунгасны эцэст Баянзүрх Буллс баг өрсөлдөгчөө буулгаж авлаа. Тоглолтын үеийн сонирхолтой зургуудаас орууллаа.

Tuesday, May 22, 2012

ПЕПСИ ЛИГ. ХАСЫН ХҮЛЭГҮҮД-БАЯНЗҮРХ БУЛЛС. АВАРГЫН ТӨЛӨӨХ Y ТОГЛОЛТ

"ПЕПСИ ЛИГ-2012" -ын аваргын төлөөх цуврал ТАВ дахь тоглолт өнгөрсөн бүтэн сайн өдөр Спортын төв ордонд болж өнгөрлөө. Хоёр багийн тоглолтын харьцаа 2:2 болоод байсан бөгөөд  энэ тоглолт маш чухал тоглолт байлаа. Учир нь энэ тоглолтод хожил авсан баг нь цувралыг тэргүүлж, сэтгэл зүйн хувьд ч давуу байдалтай болох байсан юм. Тоглолтын эхнээс л Хасын Хүлэгүүд баг тоглолтыг тэргүүлсээр онооны зөрүү 12 хүртэл холдуулж чадсан боловч, Буллсынхан хожигдохыг хүссэнгүй оноог нөхсөөр нэхсээр байсан юм. Дөрөвдүгээр үеийн сүүлийн 5 минут эхлэхэд Хасын хүлэгүүд 7 оноогоор илүүрхэж байсан боловч онооны давуу байдлаа удаан хадгалах учиргүй байж. Талбайд Болортулга гарч ирснээр самбар дор шахаж, дараалан 8 оноог авч тэнцүүлснээр барахгүй, илүү гаргаж чадлаа. Түүн дээр Мөнхтүвшингийн 3 онооны шидэлт, Хэдлигийн гурван онооны шидэлтүүд нэмэгдсэнээр тоглолтын сүүлийн 2 минут эхлэх үед Буллсчүүд илүүрхэж эхэлсэн юм. Онооны зөрүүг хадгалж чадсан Буллс  хожил авч цувралд тэргүүлж эхэллээ. Тоглолтын гол баатар Болортулга болон, маш чухал үед гурвын шидэлтээр оноог авч чадсан Мөнхтүвшингийн шидэлтийн торгон агшныг харуулсан зургуудыг та бүхэнд хүргэж байна.

Sunday, May 20, 2012

ПЕПСИ ЛИГ. АВАРГЫН ТӨЛӨӨ. ХАСЫН ХҮЛЭГҮҮД-БАЯНЗҮРХ БУЛЛС. IY ТОГЛОЛТ

Аваргын төлөө тоглолт улам сонирхолтой болж байна. Үзэгчдийг өндөлзүүлсэн дараалсан олон slam dunk, алсын зайн шидэлтүүд.... Та бүхэн аваргын цувралын 5дах тоглолтыг өнөөдөр 19 цагаас СТО-д ирж үзэцгээнэ үү!

ПЕПСИ ЛИГ. ХАРЦАГА vs ОФФИЦЕРУУД. ДӨРӨВ ДЭХ ТОГЛОЛТ

Харцага болон Оффицерууд багууд цуврал 4 тоглолт хийж, Харцагууд өрсөлдөгчөө 3:1 харьцаагаар буулгаж авснаар хүрэл медалийн болзол хангалаа. Оны эхнээс өндөр бэлтгэлтэй байсан Оффицерууд багийн эгнээ тэмцээний төгсгөл рүү шингэрсээр, сүүлийн тоглолтод долуулхнаа үлдэж, улмаар шагналт дөрөвдүгээр байранд орсноор энэ улирлын тоглолтоо өндөрлөв.

Saturday, May 19, 2012

МОНГОЛ УЛСЫН САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ

Монгол улсын эмэгтэй шигшээ баг, Ангарскийн багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Энэ тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг хожсон бөгөөд энэ нь манай сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчдын анхны ялалт болж байгаа юм байна.

Friday, May 18, 2012

ПЕПСИ ЛИГ. АВАРГЫН ТӨЛӨӨ. ГУРАВ ДАХЬ ТОГЛОЛТ

Хасын хүлгүүд болон BZ Bulls багуудын аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт. Хасын хүлгүүд эцсийн мөчид оноог илүү болгож, цувралын харьцааг 2:1 болгож чадлаа. Үнэхээр сонирхолтой тоглолт болсон шүү. Дараа дараагийн тоглолтууд улам ч сонирхолтой өрсөлдөөнтэй, хүнд хэцүү болох нь гарцаагүй болж байна даа.

ПЕПСИ ЛИГ. ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ. ХАРЦАГА vs ОФФИЦЕРУУД

Оффицерууд баг Харцагатай шийдвэрлэх тоглолт хийсэн. Хэрэв хожигдвол Харцага баг хүрэл медаль хүртэх байлаа. Долуулхнаа үлдсэн оффицерууд энэ удаад маш сайн тоглож, Харцага багийг хожсоноор цувралын харьцааг 1:2 болгож чадсан юм. 

Wednesday, May 16, 2012

МУИС-ийн ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2012

МУУШУУ (2012)

Өчигдөр буюу 5 сарын 15-ны өдөр Муушуу ахын төрсөн өдөр байсан. Жилийн өмнө мөн адил ахынхаа зургуудаар бэлэг барьж байсан. Энэ жил мөн зургуудаар нь бэлэг барьж байна. Төрсөн өдрийн мэндийг хүргэе!

НЭГ ЖИЛИЙН ОЙ



Нэг жилийн өмнөх эл өдөр блогтоо анхны постоо оруулж билээ. Тиймээ яг нэг жилийн өмнө, 6 сарын 15-нд. Муушуу ахын төрсөн өдөр байсан юм. Өмнө нь хэдэн зураг авч хадгалаад овоо цуглуулгатай болчихсон байсан тул муу ахдаа зургаар нь бэлэг барихаар шийдэв. Сагсан бөмбөгийн зурагтай блог нээе гэж бодож төлөвлөж байсан боловч, хэзээ эхлэхээ шийдэж чадахгүй л яваад байсан билээ. Тэр өдрөөс хойш бүтэн нэг жил өнгөрчээ. Нэг жилийн хугацаанд 162 пост бэлтгэж, миний блогийн зургуудыг давхардсан тоогоор 36656 хүн орж үзэж сонирхсон байна. Ойролцоогоор хоёр өдөрт л нэг пост оруулж байсан гэсэн үг.
Ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа блогийнхоо зочдод тайлагная.

Tuesday, May 15, 2012

БИ ЗУРАГ АВАХ ДУРТАЙ


Би зураг авах дуртай. Сагсан бөмбөгийн зураг авах бүр дуртай. Сагсан бөмбөгт дуртай болохоор, миний зураг авах сонирхол бас сагсан бөмбөгтэй холбоотой. Гэхдээ би мэргэжлийн зурагчин биш. Тэр ч байтугай зургийн дугуйланд суралцаагүй, сургалтанд ч явж байгаагүй. Зураг авдаг болоод нэг жил л болох гэж байна. Энэ нэг жилийн хугацаанд харин маш олон зураг авсан. Сайн муу олон зурагнууд авсаар одоо л дөнгөж зураг авна гэдэг их хэцүү гэдгийг ойлгож эхэлж байна.

Monday, May 14, 2012

СПРАЙТ ЛИГ. ТАНАН БАГ АВАРГА БОЛЛОО

Өчигдөр буюу 5 сарын 13-нд Спрайт Супер лигийн тэмцээн өндөрлөлөө. Спрайт лигийн эмэгтэй дэд аваргаар "Говь 81" баг, аваргаар "Хөвсгөл 1 үе" тодорсон бол эрэгтэй дэд аваргаар "ОТИС", аваргаар "ТАНАН" бага тодорлоо. ТАНАН баг аваргын төлөө цуврал гурван тоглолтод дараалан хожиж өрсөлдөгчөө буулгаж авсан бөгөөд ер нь энэ жилийн лигийн тэмцээнд нэг ч хожигдолгүй түрүүлж дээд амжилт тогтоожээ. Мөн нэг улиралд Спрайт хөгжлийн лиг болон Спрайт Супер лигийн тэмцээнүүдэд хоёуланд нь түрүүлсэн анхны баг болсон байна. Шилдэг дасгалжуулагчаар "Танан" багийн дасгалжуулагч Давхарбаяр тодорсон бол Танан багийн тоглогч Г.Ихбаяр лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн байна. Оюутан цагаас нэг багт зүтгэж байсан багийн андууд ийнхүү арваад жилийн дараа нэг нь дасгалжуулагчийн хувиар, нөгөө нь тоглогчийн хувиар шилдэгүүд боллоо.

МУИС. ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН.

МУИС- ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ жилийн тэмцээнд нийт 14 салбар сургуулийн эрэгтэй эмэгтэй баг, мөн багш нарын хоёр баг оролцож байгаа ажээ. Тэмцээнийг өнгөрсөн жилээс эхлэн, Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчин, сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн 2005 оны тэргүүн тоглогч, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Ганбаатарын ИХБАЯРЫН нэрэмжит болгон зохион байгуулах болсон байна. Ихээ ах тэмцээнийг нээж үг хэлэн, дүү нартаа, нийт тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ. Тэмцээн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд одоогоор ид ширүүн өрнөж байна. Нээлтийн үеэр авсан зургуудаас сонирхоно уу.

Sunday, May 13, 2012

АРВИНЫ ОД

АРВИНЫ ОД. Хувийн дугаар 25. 2004 оны Оюутны лигийн мөнгөн медальт, 2005 оны оюутны лигийн аварга, 2005 оны залуучуудын улсын аварга, 2006 оны дээд лигийн хүрэл медальт, 2008, 2009, 2010 оны МСБХ-ны Дээд лигийн аварга, Монголын бүх ард түмний спартакиадын хотын хүрэл медаль, улсын мөнгөн медальт, өсвөрийн сагсан бөмбөгчдийн дунд зохиогддог тэмцээнүүдээс авч болох бүх тэмцээнээс алтан медаль хүртэж байсан, сүүлийн арав гаран жил тогтмол амжилттай тоглож байгаа, гурвын шидэлтийн мангас, Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан, МУИС-ийг төгсөгч, МУИС-ийн багт, Г.Ихбаяр, О.Сайнбаяр, Ү.Давхарбаяр, Ц.Мэргэн, Энхтайван, С.Тулгаа, Даваадаш, Чинзориг нарын хамт тоглож амжилттай тоглож байсан, өнөөгийн монголын сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Одыг дахин танилцуулж байна. Од ахдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Амжилт хүсье.